ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ДОРЛИГЖАВ БНСВУ-Д АЙЛЧЛАВ. Print
Written by hanoi   
Thursday, 17 April 2014 02:39
There are no translations available.

БНСВУ-ын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-ийн урилгаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ оны 4 дүгээр сарын 16-19-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Д.Дорлигжав Ерөнхий проркурор Нгуен Хоа Бин-тэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хоёр тал 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2014 онд өргөн хүрээтэй тэмдэглэхээр тохиролцсон. Тус ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор Вьетнам Улсад ийнхүү айлчилж байгаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.


Мөн өнгөрсөн хугацаанд Монгол, Вьетнамын төр, засаг, ард түмний хооронд үр дүнтэй материалаг тусламж, сэтгэл санааны дэмжлэгийг харилцан үзүүлж, ойр дотно хамтран ажиллаж ирснийг бидний үеийнхэн мартахгүй. Түүхэн харилцааны энэхүү хамтын ажиллагаа нь ирээдүйн залуу үеийнхэндээ үлдээж байгаа үнэт өв уламжлал юм. Иймд хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэдгээ цохон тэмдэглэв.

Хоёр орны хооронд 1976 онд байгуулсан Эрхийн туслалцаа харилцан үзүүлэх Ерөнхий хэлэлцээрт түшиглэн “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хооронд хамтран ажиллах Протокол”-д гарын үсэг зурав.


Хоёр тал прокурорын ажилтан, судлаач харилцан илгээж туршлага судлах, мэдээлэл солилцох, урт, богино хугацаагаар боловсон хүчин бэлтгэх, олон улсын болон бүс нутагт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын 3 залуу прокурорыг хэл, хууль эрх зүйн чиглэлээр бэлтгэхэд вьетнамын тал бэлэн байгаагаа илэрхийлэв.

Д.Дорлигжав Ерөнхий проркурор Нгуен Хоа Бин-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. Вьетнамын тал урилгыг талархан хүлээн авав.


 

Last Updated on Thursday, 17 April 2014 03:06