ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ Print
Written by hanoi   
Friday, 10 March 2017 03:13
There are no translations available.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдорж БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг Элчин сайд Д.Билэгдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Д.Билэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотно мэндчилгээг Вьетнамын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрэн бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж, цаашид хэрэгжүүлэх тодорхой асуудлаар санал солилцов. Мөн Монгол Улсыг НҮБ-ын Хүний Эрхийн  Зөвлөлд сонгогдоход дэмжлэг үзүүлсэнд Вьетнамын Засгийн газарт талархал илэрхийлээд, Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглээд, Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр талын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дао Вьет Чунг, Гадаад хэргийн дэд сайд Ву Хонг Нам зэрэг албаны хүмүүс байлцав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Last Updated on Friday, 10 March 2017 07:11