Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГА БНСВУ-Д АЙЛЧЛАВ.

Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлгчид БНСВУ-ын Хочимин хотод айлчлав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын Хочимин хотын Ардын Зөвлөлийн дарга хатагтай Нгуен Тхи Гует Там-ын урилгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид тус улсад энэ оны 3 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Хочимин хотын Ардын Зөвлөлийн дарга Нгуен Тхи Гует Там, Хочимин хотын Ардын хорооны дарга Ле Хоанг Куанг нартай уулзаж, хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг хот байгуулалт, үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх асуудлаар санал солилцож, тус хотын бүтээн байгуулалт, хот төлөвлөлттэй танилцаж, тус хотын жишиг хороолол Фу Ми-д зочлов. Түүнчлэн, улсын хамгийн том аж үйлдвэрийн парк болон Тан Тхуанд зочилж,  Зиа Динь оёмол, нэхмэл бүтээгдэхүүний нэгдсэн үйлдвэр, Сайгон худалдааны төв корпораци зэрэг үйлдвэр, аж ахуйн газруудтай танилцав.

2014.03.14 Хочимин хотын Ардын Зөвлөлийн дарга (Иргэдийн хурлын дарга) Нгуен Ти Кует Там (Nguyen Thi Quyet Tam) энэ өдрийн 17.00 цагт Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга Д.Баттулгыг Хочимин хотын Ардын Хорооны төв байрны хэлэлцээрийн танхимд хүлээн авч уулзав. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас БНСВУ-д суугаа ОББЭЭлчин сайд Д.Энхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ИХ-ын гишүүн С.Очирбат, ИХ-ын гишүүн Ц.Буяндалай, Г.Төмөрбаатар, Д.Авирмэд, Н.Баяраа, Ц.Одонтунгалаг, ИХ-ын болон Нийслэлийн Засаг даргын ТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, орчуулагч Г.Давхарбаяр, вьетнамын талаас Хочимин хотын Ардын Зөвлөлийн дэд дарга Чыөнг Тхи Ань, дэд дарга Чан Туан Нгок, Төсвийн хорооны дарга Нгуен Тан Туан, Хөдөлмөр, Нийгмийн халамжийн хорооны дарга Нгуен Тует Ньюнг, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хорооны дарга Нгиа Тхи Нье нар тус тус байлцав.

Уулзалтын үеэр 5 асуудлаар ярилцаж хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:

1 Хочимин хотын хот төлөвлөлтийн туршлагаас судлахад дэмжлэг хүсэв;
2 Оюутан солилцох;
3 Монголын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тусалж, энэ чиглэлээр туршлагаасаа хуваалцах;
4 Хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд бизнес уулзалт харилцан зохион байгуулах;
5 Соёлын хэсэг солилцох, соёлын өдрүүд харилцан зохион байгуулах, төрөл бүрийн үзэсгэлэн зохиох.

Д.Баттулга: "Улаанбаатар хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг Вьетнам Улсад айлчлахыг урьж, элэгсэг дотноор хүлээн авч байгаад Хочимин хотын Ардын зөвлөлийн дарга Эрхэмсэг хатагтай Танд болон вьетнам нөхдөд талархал илэрхийлье. Өнөөдөр миний бие Хочимин хотын засаг даргатай уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон. Хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байлаа".

Нгуен Ти Кует Там: "Намайг Монгол оронд айлчлахыг урьсанд Эрхэмсэг ноён Танд талархал илэрхийлье. Тохиромжтой цагт миний бие Монгол оронд айлчлах болно. Улаанбаатар хотын Иргэдийн хурлын даргын Хочимин хотод хийж байгаа айлчлал хоёр талын орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Таны дэвшүүлсэн 5 чиглэлээр монгол нөхөдтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын элчин сайд, өргөмжит консулын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Бид хамтарч ажиллах болно. Монгол нөхдийг нөхөрсөг зоогонд урьж байна" гэснээр уулзалт өндөрлөв.

 
УлаанбаатарХаной

Холбоос