Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ: БИД ӨӨРНИЙН СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ХУУЛБАРЛАХ БИШ ӨӨРСДИЙН ҮНЭТ ЗҮЙЛД ТУЛГУУРЛАХЫГ ХИЧЭЭДЭГ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ энэ сарын 26-нд болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо. “The Economist” сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Дэлхий 2014 онд” арга хэмжээг нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тайзнаа урин сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Дэниэль Фрэнклин: Эр­хэмсэг ноён Цахиагийн Эл­­бэгдоржийн талаар товч танилцуулахад тэр­бээр Монгол Улсын Ерөн­хий­­лөгчөөр энэ жил дахин сонгогдсон. Тэрбээр Мон­голд 75 жилийн турш ноёл­сон коммунист дэг­лэмийг халж, ардчилсан тогтолцоонд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан хүмүү­сийн нэг. Нэгэнт ард­чиллын сэдвийг хөндсөн учраас үүнтэй холбоотой асуулт тавья. Ардчилсан сонгуулийн хурцадмал асууд­лын нэг бол сон­гогч­дын ирц болоод байгаа. Та үүнд санаа зовдог уу?

Ц.Элбэгдорж: Тийм ээ, Монголд 1990 оны долдугаар сард болсон ардчилсан сонгуулийн үеэр ирц 95 хувьтай байсан. Харин энэ жилийн сонгуулиар сонгогчдын идэвхи 64 хувьтай байсан.


Дэниэль Фрэнклин: Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

Ц.Элбэгдорж: Ард ир­гэд улс төрийг төдийлэн сонирхохгүй, мөн залуу­чуу­дын идэвх сул байна шүү дээ. Европын Холбоо болон Энэтхэг зэрэг орнуудад сонгууль боллоо. Мөн БНХАУ-ын төр засаг солигдож, ойрын хугацаанд сонгуульд санаа зовохооргүй боллоо. Энэ нь ойрын жилүүдэд улс төрийн тогтвортой байдал алдагдахгүй гэсэн үг юм.

Дэниэль Фрэнклин: Та сүүлийн хэдэн сард ардчилалд шилжиж буй зарим оронд айлчилсан. Мөн БНАСАУ-д айлчлах үеэр оюутнуудын өмнө тавьсан лекцдээ “Аливаа дарангуйлал мөнх биш” гэж зоримог хэлсэн. Тийм биз? Тэд таныг ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй байх. Таныг хэрхэн хүлээж авсан бэ?


Ц.Элбэгдорж: Бид Ким Ир Сений нэрэмжит Их сургуульд лекц унших хүсэлт гаргахад тэд хүлээж авсан. Гэхдээ лекц зөвхөн Монголын гадаад бодлогын асуудалтай холбоотой байх ёстой гэдгийг хатуу сануулж, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн хоёр үгийг дурдахгүй байхыг анхааруулсан. Би хүсэлтийн дагуу тэр хоёр үгийг дурдахаас зайлсхийсэн. Аливаа улс орны гадаад бодлого дотоод бодлоготой салшгүй холбоотой байдаг. Тэгээд би дотоод бодлогынхоо талаар ярьж, Монголын ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн шилжилтийн тухай дурдсан. Монголд 2009 оноос хойш ялын дээд хэмжээг хэрхэн халсан талаар ярьсан. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй улс орны статусыг хүлээн зөвшөөрснөө дурдсан. Энэ лекцийг Youtube сайтаас та бүхэн харж болно.


Дэниэль Фрэнклин: Тэд чухам хэрхэн хүлээж авсан бэ?


Ц.Элбэгдорж: Лекцийг маань нижигнэсэн алга ташилтаар дуусгасан.


Дэниэль Фрэнклин: Энэ мэт зүйлийг БНАСАУ-ын ард түмэнд хүргэсэн нь чухал хэрэг. Тус улс ямар замаар хөгжөөсэй гэж та бодож байна?


Ц.Элбэгдорж: Мон­гол Улс Умард болон Өм­нөд Солонгостой сайн ха­рилцаатай, манай Элчин сайдын яам хоёуланд нь бий. Монгол Улс бол хуучин ЗХУ-ын дараа дэлхийн хоёр дахь коммунист улс болсон. Иймээс бид тэр дэглэмийн дор ямар хүнд бэрх байдгийг мэднэ. БНАСАУ-д байхад би гурван зүйлийг анзаарсан. Тус улсад үнэтэй машин хөлөглөсөн хүн олон байсан. Ямар нэгэн том албан тушаалтны эрх хүүхдүүд л тэр үнэтэй машинаар давхилдаж явсан байх л даа. Хоёрт, нийт ард иргэд гуравхан хүний төлөө амьдарч байна. Гэтэл тэр гурван хүний хоёр нь хэдийнэ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Сүүлд нь би ард түмнийх нь харцнаас уур хилэнг олж харсан. Тэгээд эцэст нь хэлэхэд тус улсын өнөөгийн удирдагчид энэ бүхнийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. Удахгүй тус улсад  томоохон өөрчлөлт ирнэ гэдэгт итгэж байна.


Дэниэль Фрэнклин: Та саяхан Мьянмарт айл­чил­сан. Ардчилалд хөлөө оло­хоор тэмүүлж буй улс. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?


Ц.Элбэгдорж: Мьян­ма­рын Ерөнхийлөгч, пар­ла­ментын дээд, доод танхимын дарга нар болон Ан Сан Су Читэй саяхан уулзсан. Тус улсад Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон шинэчлэл хийж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Мьянмарт анхаарлаа хандуулж, олон улсын зүгээс дэмжих хэрэгтэй. Тус улсад 2015 онд сонгууль болно. Шийдвэрлэх сонгуулийн өмнө бид бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Мьянмарын генералууд цэргийн хувцсаа төдийлэн өмсөхөө больж, энгийн хувцас өмсдөг болсон байсан.

Мьянмарын төр засгийн удирдлага манай улс орны ардчиллын шилжилтийн талаарх туршлагыг үнэхээр сонирхож байсан. Би тэдэнд зоригтой байж, өөрчлөлт хийж, хожмын ирээдүйдээ сайн сайхан зүйл үлдээх ёстойг зөвлөсөн. Та өнөөдөр энгийн иргэн ч бай, генерал ч бай, төрийн тэргүүн ч бай үр ач нар чинь улс орныхоо төлөө юу хийснээр чинь л дүгнэнэ. Хэрэв та энэ боломжийг алдвал хожмын нэг өдөр харамсана. Өнөөдөр Мьянмарын хувьд энэ чухал шийдвэрийг гаргах эгзэгтэй үе нь тохиож буй. Монголд 1990-ээд онд тохиолдсон шиг Мьянмарт энэ шийдвэрлэх мөч ирлээ. Би энэ тухай зөвлөж, бас Янгуны их сургуульд мянга гаруй мьянмарчуудын өмнө лекц уншсан.


Дэниэль Фрэнклин: Хя­тад, Монгол хоорондын харилцааны талаар асуухыг минь зөвшөөрнө үү?


Ц.Элбэгдорж: Бид сарын өмнө Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзаж, халуун дотно, илэн далангүй яриа өрнүүлсэн. Хятадын төр засгийн удирдлага монголчуудын амьдрал ахуй, манай иргэдийн сонголтыг ихэд хүндэтгэдэг. Өмнөд хөрш маань төмөр зам, уул уурхай, эрчим хүчний салбарт бидэнтэй өргөн хүрээнд хамтран ажилладаг.

Монгол нь Хятадтай маш уудам газар нутгаар хил залгаа оршдог. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байгаа. Та бүхэн энэ талаарх сайн сайхан мэдээлэл олныг сонсох болно.


Дэниэль Фрэнклин: Хятад ардчилалд шилжих болов уу? Та юу гэж бодож байна?


Ц.Элбэгдорж: Эдийн засгийн чөлөөт байдал улс төрийн чөлөөт байдлыг улам ихээр шаардах болов уу. Хятадын төр засгийн байдал улам бүр сайжирна гэдэгт итгэлтэй байна.


Дэниэль Фрэнклин: Монголын эдийн засаг 17 хувиар өссөн. Энэ  үсрэнгүй өсөлтийг та бүхэн тооцоолж байсан уу?


Ц.Элбэгдорж: Монголын эдийн засаг хэдэн жилийн өмнө 17 хувиар өсч, хамгийн хурдацтай хөгжсөн эдийн засгаар шалгарсан. Харин энэ жилийн хувьд 12-13 хувиар өсөх хандлагатай байна. Дэлхийн банк болон санхүүгийн бусад байгууллагын судалгаа тооцоогоор Монголын эдийн засгийн өсөлт ирэх 20 жилийн хугацаанд хоёр оронтой тооноос буурахгүй гэж үзсэн. Тэгэхээр бид энэ үзүүлэлтийг цааш нь хадгалж үлдэхийн төлөө зүтгэн ажиллах болно.

Монголд бизнес хийж, хөрөнгө оруулахад тохиромжтой гэж би үздэг. Учир нь Монгол бол нээлттэй улс юм. Бид хэзээ ч сүүдрээ нуудаггүй. Хэрэв та бүхэн Монголд очвол бүх зүйл нээлттэй байх болно. Хэн нэгэн буруу шийдвэр гаргавал олон нийт нээлттэй хэлэлцэж залруулдаг. Хэрэв тухайн хүн буруу шийдвэрээ үргэлжлүүлэн гаргасаар байвал ард иргэд түүнийг сонгохоо больдог. Би энэ асуудлыг Умард Солонгост хүртэл тавьсан. Хаалттай нийгэмд буруу шийдвэр гаргасан хүн амь насаа ч алдаж болзошгүй. Харин нээлттэй нийгэм, Монголд хэн нэг нь алдаа гаргавал сургамж болоод л үлддэг. Ийм учраас Монгол улам бүр хөгжин дэвжиж байгаа.

Өнгөрсөн 2012, 2013 онд Монголын гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Энэ нь сонгууль, хуулийн шинэтгэл гэх мэт гадаад дотоодын хүчин зүйлсээс хамаарсан. Харин өнөөдөр бид байдлыг засч залруулж, хөрөнгө оруулалтын хуулиа шинэчлэн баталсан. Үүний дагуу Монголын хөрөнгө оруулалтын орчин улам илүү сайжрах учиртай. Би улс орныхоо сайн сайхан ирээдүйд бүрэн итгэлтэй явдаг. Учир нь Монгол нээлттэй улс.

Шинэ хуулийн дагуу төрийн оролцоог хязгаарлаж, хувь эзэмшихийг зогсооно. Харин татварын хууль журам, тогтолцоо сайн байх ёстой.


Дэниэль Фрэнклин: Монгол хөрөнгө оруу­лагч­дыг дахин татаж чадна гэж бодож байна уу?


Ц.Элбэгдорж: Мэдээж бид бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байна. Түншүүдтэйгээ харилцах бидний туршлага улам зузаарсан. Хөрөнгө оруулагчид бол бидний түнш. Монголд Оюутолгой, Тавантолгой гэх хоёр том орд газар бий. Рио Тинто удахгүй хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна. Газар доорхи уурхайн барилгын ажилд дөрөв орчим тэрбум  ам доллар төлөвлөөд байгаа.

Тавантолгой бол коксжих нүүрсээр баялаг орд газар. Энэ орд газрын төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн бусад асуудлыг бид шийдэж байна.

Чингис хаан хүртэл ийм олон со­рилт бэрхшээлтэй тулгарч байгаагүй байх гэж би хувьдаа боддог. Байгалийн баялгийг сонирхох гадаадын түншүүдийн сонирхлыг тэнцвэржүүлэхэд бэрх байсан. Харин өнөөдөр бид туршлагажсан.


Дэниэль Фрэнклин: Монголын уул уурхайн салбар, гадаадын хөрөн­гө оруулагчдын үйл ажил­лагаа түр саатсан гэ­хэд болно. Үүнийг эрчим­жүү­лэхийн төлөө юу хийх вэ?


Ц.Элбэгдорж: Үүнд хугацаа хэрэгтэй. Улстөрчид болоод хөрөнгө оруулагчид оновчтой цаг мөчийг хүлээх хэрэгтэй. Ардчилсан нам засгийн эрх барьж, ардчилсан хүчнээс сонгогдсон анхны төрийн тэргүүнтэй хамтран ажиллаж байгаа учраас удахгүй асуудал цэгцэрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчиддаа бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна.


Дэниэль Фрэнклин: Монголд уул уурхайн хөгжлийг дагаад эдийн засгийн эргэлт эрс нэмэгдэж байна. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед үүсч болзошгүй ямар сөрөг дагавар байна?


Ц.Элбэгдорж: Уул уурхайн салбараас асар их мөнгө орж ирэн, эдийн засгийн хөгжлийг эрс нэмэгдүүлэх цагт сайн засаглал байх ёстой. Төрийн тэргүүнийхээ хувьд би сүүлийн жилүүдэд шүүхийн шинэтгэлийн ажлыг эрчимжүүллээ. Монголын эдийн засаг 2011 онд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлсэн. Мөн 2012 онд Монгол авлигыг хамгийн хурдацтай бууруулсан орноор шалгарсан. Бид авлигын үзүүлэлтээр ганцхан жилийн дотор 26 байраар урагшилсан. Удахгүй Монгол Улс ямар нэгэн албан тушаалтанд бус хууль дүрэмд захирагдсан улс болно.

Хэдхэн хоногийн өмнө бид “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээх өргөн хүрээтэй санаачлагыг дэвшүүлсэн. Энэхүү санаачлагын хүрээнд төр засгаа шинэчлэх далайцтай, цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Үйлчилгээнд суурилсан, судалгаа, шинжилгээ, өндөр технологид тулгуурласан төрийг бид ухаалаг төр гэж хэлээд байгаа юм. Ухаалаг төр нь ухаалаг, өндөр түвшинд бэлтгэгдсэн цомхон боловсон хүчинтэй байна.


Венесуэлийн оролцогч: Монголд болж байгаа сайн сайхан өөрчлөлтийг хараад сэтгэл хөдөлж байна. Ардчилсан шилжилтийн замд улс орноо амжилттай удирдаж яваа төрийн тэргүүний хувьд манай улсын иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?


Ц.Элбэгдорж: Та бүхэн ардчиллын замыг хүнд бэрх гэлтгүй туулах ёстой. Хэдэн жилийн өмнө монголчууд бид улс орноо байгалийн баялгаар арвин нөөцтэй гэдгийг мэдсэнээс хойш олон бэрхшээлтэй тулгарсан. Та бүхэн ч өөрийн улс орныхоо ард иргэдэд мэдлэг боловсрол олгож, бэрхшээл саадыг даван туулах ёстой. Байгалийн баялгаас гадна хөрөнгө оруулалт болон түүний менежмент бол өөр төрлийн баялаг юм. Дээрээс нь хэлэхэд байгалийн баялаг болон олборлогч компани аж ахуйн нэгжүүдийг улсын мэдэлд шилжүүлэх нь оновчгүй.


Оролцогч: Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал ямар байна. Хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байна? Иргэд үгээ чөлөөтэй илэрхийлж чаддаг уу?


Ц.Элбэгдорж: Бид 1996 онд сонгуульд ялалт байгуулаад, анх хэд хэдэн хууль баталсны дотор хэвлэл мэдээллийн байгууллагыг төрийн мэдэлд оруулахыг хязгаарлах хууль байсан. Өнөөдөр Монголд телевизийн бараг 60 гаруй суваг, 300 гаруй вебсайт бий болоод байна. Илүү нээлттэй байж, хүн бүрийн оролцоог хангаж чадвал улс орноос эхлээд албан байгууллагыг хүртэл хөгжүүлэх боломжтой. Ард түмнийхээ чөлөөт сонголтын дагуу би ажиллаж байгаадаа баяртай байдаг. Хэрэв би буруу зүйл хийвэл хэвлэл мэдээллийн шүүмжлэлийг хүлээн авахдаа бэлэн байна. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй байсны хувьд ч тэр аливаа шүүмжлэлийг хүлээн авдаг.

Монгол Улс бол газарзүйн чухал байр­шилд оршдог. Сингапур нь бүс нутагтаа ачаа тээвэр, техник техно­логийн сүлжээ үүсгэсэн. Монгол удахгүй чухал сүлжээ зангилааг үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна.


Оролцогч: Эвгүй зүйл асуусан бол уучлаарай. Монгол хоёр том гүрний дунд оршдог. Амжилт бүтээлээр дүүрэн, байгалийн баялгаар арвин хөршөө хараад хоёр хөрш тань юу боддог бол? Энэ мэт зүйлд сэтгэл зовж та нойргүй хонодог болов уу гэж бодлоо.


Ц.Элбэгдорж: Монгол ч гэсэн том улс. Сингапурыг харъя л даа. Газар нутгаар бага ч гэсэн дэлхийн хөгжингүй том гүрнүүдтэй эн зэрэгцэж, бусад улс оронд үлгэр дуурайл болж байна шүү дээ. Чили ч гэсэн газар нутгаар жижиг, бусад үзүүлэлтээр дээгүүрт ордог. Тарвас хэмжээгээр том ч сул тал бий шүү дээ. Эзэн Чингис хаан дэлхийн хамгийн том газар нутагтай гүрнийг байгуулж, Их Засаг хэмээх хууль хэрэгжүүлж байсан. Мөн монголчууд торгоны замаар чөлөөт худалдаа өргөжүүлж байсан. Бид өрнийн соёл, үнэт зүйлийг хуулбарлах биш өөрсдийн үнэт зүйлд тулгуурлахыг хичээдэг. Би үргэлж өмнөх үеэсээ суралцахыг хичээдэг. Чингис хаан нэгэнтээ “Морин дэл дээр дэлхийн талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх амаргүй” гэж хэлсэн байдаг. Та бүхэнд баярлалаа.

 
УлаанбаатарХаной

Холбоос