Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД БНСВУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 1 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

УИХ-ын дарга М.Энхболд ВКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг нарт бараалхаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фуктай уулзалт хийн, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг, Вьетнам-Монголын Найрамдлын нийгэмлэгийн дарга Хо Суан Хунг нарыг хүлээн авч уулзав.

Албан ёсны айлчлалын үеэр, Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг талууд онцлов.

УИХ-ын дарга М.Энхболдын энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага- парламентууд, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууь, хүчний байгууллагуудын хооронд тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлж, уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, боловсон хүчнийг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, Вьетнамын цэргүүдийг “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтад өргөнөөр хамруулах, худалдаа эдийн засгийн чиглэлээр аж үйлдвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт Вьетнамаас хөрөнгө оруулахыг дэмжих, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Вьетнамаас загас агнуурын бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ импортлох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналт, хорио цээр, хил, гаалийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй хамтран шийдвэрлэх, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, нийслэл хотууд, орон нутгийн шууд хамтын ажиллагааг бий болгох зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, зарим үр дүнд хүрэв. Тухайлбал,Монгол Улсын Төв аймаг, Вьетнамын Хоа Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурав.

“Петро Вьетнам” компанийн Монголд газрын тосны хайгуул хийх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар хүлээж авахад бэлэн байгааг УИХ-ын дарга М.Энхболд мэдээлж, хоёр талын шууд оролцоотой хэрэгжүүлэх төслүүдийн нэг болох боломжтой гэв. Энэ өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Л.Раднаасүрэн “Петро Вьетнам” компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг, Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нган нар ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах талаар ярилцаж, Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нөөц бололцооноос доогуур байгаа ч аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан юм. Түүнчлэн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжинэ гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.

Хоёр тал бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалах, аливаа маргаантай асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээний шугамаар шийдэх ёстой гэсэн байр суурийг баримтлахаа санал нэгтэй тэмдэглэв. Монгол Улс Вьетнамыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход нь дэмжиж, Вьетнамын тал АСЕАН-тай идэвхтэй хамтран ажиллахад нь Монгол Улсын гүүр болж дэмжих байр сууриа хэвээр хадгална гэдгээ нотоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй илэрхийлэв

 
УлаанбаатарХаной

Холбоос