Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук 7 дугаар сарын 13-ны өдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаад нь Монголын талд талархал илэрхийлж амжилт хүслээ. Тэрээр мөн айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцсанаа дурдан Вьетнамын төлөөлөгчдийг Монголд халуун дотноор угтан авч буйд баяртай байгаагаа хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд БНСВУ-д хийсэн айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдтай санал солилцсоноо мөн дурдав.

Тэрээр цааш нь “Монгол-Вьетнам хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Олон жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн. Тийм учраас ирэх жилүүдэд эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон улс төрийн хүрээнд хамтран ажиллах их боломж бий. Мөн НҮБ-ын болон олон улсын хэмжээнд хоёр тал бие биеэ харилцан дэмжих бололцоотой гэж үзэж байна. Монгол Улсыг 2017-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүнээр нэр дэвшихэд манай талаас дэмжих болно.

Монголын талаас Вьетнамд оюутан, мэргэжилтэн сургах, мөн Вьетнамаас Монголд оюутан сургах нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд чухал хувь нэмэр болно гэж бодож байна. Мөн Монголд ажиллаж амьдарч байгаа вьетнам иргэдэд Ерөнхийлөгчийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж байхыг хүсье. Бизнес эрхлэгчдийг таатай нөхцөлөөр хангах нь мөн чухал байдаг.

Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа мөнх юм. Дараагийн хойч үе энэ сайхан харилцааг үргэлжлүүлж явах болно. Цаг зав гарган биднийг хүлээн авч уулзаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч танд  дахин талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Та манай Ерөнхий сайдтай уулзахдаа эдийн засаг болон бусад асуудлаар сайн ярилцсан байх гэж бодож байна. Хоёр талын Засгийн газар хоорондын комисс энэ 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатарт хуралдана. Тэр хурлыг бэлтгэл, зохион байгуулалт сайтай хийх хэрэгтэй.

Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа чухал. “Хааны эрэлд” олон улсын цэргийн хамтарсан сургуульд оролцох боломжтой. Хоёр улс хоёулаа буддын шашинд ойр. Вьетнамын талаас Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах санаачилга дээр хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Энэ нь хоёр талын соёлын харилцааг өргөжүүлэх, ард иргэдийн сэтгэл санаанд нийцсэн ажил юм” гэлээ.

Вьетнамын Ерөнхий сайд ашигт малтмал, нүүрс, арьс шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Мөн Монголоос хөлдөөж боловсруулсан мах авах, Монголд далайн бүтээгдэхүүн, гар утас зэргийг нийлүүлэх бололцоотой хэмээж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд эрхэм зочдод Монгол Улсад тавтай айлчлахыг ерөөж, Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д чин сэтгэлийн халуун мэндчилгээ дамжуулахыг хүслээ.

БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцож, Монгол-Вьетнамын бизнес форумд оролцов.

 
УлаанбаатарХаной

Холбоос