Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Л.ПҮРЭВСҮРЭН: АСЕМ УЛС ТӨРИЙН ЖУУЛЧЛАЛЫН ҮҮД ХААЛГЫГ НЭЭНЭ

Алдарт  Шаргын говь өмнөдөд цэлийж, ард Монгол элс шаргалтан тэртээд Алтайн их уулс, нурууд сүрлийнэ. Талаар нэг хэмийн давхих машины намуухан чимээ ярианд үл саад болно. Говь-Алтай аймгийн хэдэн сумдаар томилолтоор ажиллаж хүлгийн жолоог эргүүлж явна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтай цаг зав, замын уртыг сиймхийчлэн ярилцаж яваа минь энэ.

 

-Та бид хөдөөгийн амьдрал дунд богино хугацаанд олон зуун километр тууллаа. Алтайнхны амьдралыг өнгөрсөн үеийнх нь сайхан бүхэнтэй сонсож, үзэж, харж яваа болохоор түүнийг орхин гадаад хэргийн талаар ярилцъя. Монголчууд эрт үеэс л төр, улсынхаа төлөө санаа тавьж ирсэн улс. Өнөөдөр монгол айл бүрт шахам Улаанбаатарт ирэх  долдугаар сард болох АСЕМ-ын дээд хэмжээний форумын тухай яриа өрнөж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Манай Улаанбаатарт дэлхийн том том улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар цуглах гэнэ. Монголын маань нэр хүнд гадаадад их сайн юмаа даа гэж хөгшид хөөрөлдөх болж. Энэ сүр дуулиантай уулзалтын талаар яриагаа эхэлье.
-АСЕМ-ын дээд хэмжээний форумыг хэд хоногийн хурал мэт ойлгож болохгүй. Дараагийнх нь сайн үр дагавар их байх болно. Ер нь бол ирэх дөрөвдүгээр сараас эхлээд Монгол орон тэр чигээрээ АСЕМ-аар амьсгалж эхэлнэ дээ. Тэр уулзалт өөрөө дэлхийн хэмжээнийх. Тэнд дэлхийн томчууд оролцоно. Тэр утгаараа одоо гэхэд манайхаар ирэх буух гийчид зочдын тоо нэмэгдээд л байна. Энгийн нэг жишээ хэлэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ирэх орноос л гэхэд тэр хүний аюулгүй байдал болон бусад тав тухыг хангах, Монгол орны тухай мэдээлэл бэлтгэх гэх мэт зорилгоор тодорхой албаны хариуцлагатай хүмүүс нь байнга л ирж очиж явна. Дөрөвдүгээр сарын 20-доор Ази-Европын парламентын 9 дүгээр уулзалт болох бол залгуулаад Сангийн сайд нарын уулзалт, Бизнес форум, Ахлах ажилтнуудын семинар, Залуу манлайлагчдын хурал гээд найман том арга хэмжээг АСЕМ-аас өмнө Улаанбаатарт зохион байгуулахаар хуваарь гараад ажил эхлээд байна.Олон улсын хэмжээний шүү дээ.
-Нэг ажил хийхээр түүнийг дагаад заавал ч үгүй хардалт явж байдаг. Хэдийгээр монголчууд АСЕМ-ыг талархан угтаж байгаа ч бас бөөн өр болох нь гэсэн болгоомжлол ч байна.
-Тиймээ. Энэ форумыг зохион байгуулахын тулд гаднаас дааж давахын аргагүй зээл авч байна гэх буруу ойлголт нийтийн дунд түгээд байх шиг байна. Бид чинь төрт ёсыг дэлхийд бий болгосон улс, үндэстэн байна даа. Энэ зэргийн арга хэмжээг өөрсдөө зохион байгуулаад хийчихэж дөнгөлгүй дээ.
-Тэгэхээр өр зээлгүйгээр хийх нь гэж ойлгох уу.
-Тиймээ. Форумын зардлыг манай улс нэг ч төгрөгийн зээлгүйгээр шийдэж байгаа. Гэхдээ хэд хэдэн улсаас тусламж үзүүлж  байгаа. Энэ нь бэлэн мөнгө биш. Хятад улс л гэхэд зочид буудлын тоног, төхөөрөмж, техник, хэрэгсэлүүдийг  буцалтгүй тусламжаар нийлүүлж байна. Бусад орнуудын ч ийм тусламжууд бий. Манай хувийн хэвшлийнхний,сайн дурынхны дэмжлэг ч их байна. Бид энэ арга хэмжээг аль болох бага зардлаар, нэр төртэй хийх ёстой.
-Та дээр хэлсэн дараагийн  сайн үр өгөөж  их байх болно гэж.
-Тиймээ, үр өгөөж талаасаа ямар ач холбогдолтой билээ гэдгийг эхлээд бид сайн бодох хэрэгтэй юм. Дараа дараагийн олон чухал ажлын суурийг тавьсан, монголчуудыг олон юманд сургасан арга хэмжээ болж түүхэнд үлдэнэ л дээ. Тодорхой хэмжээгээр Монголд мөнгө орж ирнэ. АСЕМ-д зориулсан байгууламж, энэ форумыг зохион байгуулсан туршлага маань дараа ямар их өгөөж үлдээх талаар бодож үзэх хэрэгтэй. Дэлхийд Монгол Улс тийм том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулж, өөрөө эдийн засгийн асар их боломж дагуулна гэсэн үг. Аялал жуулчлалынхан мэдэж байгаа. Манайд ирэх жуулчдын тоо зун болгон цөөрөөд байна. Манай буудлуудын үнэ өндөр. Өвөл, хавар, намарт бараг жуулчин ирдэггүй. Тэгвэл АСЕМ-ыг үр дүнтэй хийснээр улс төрийн жуулчлалыг эрхлэх боломж нэмэгдэнэ. Маш өндөр үнэтэй жуулчлал. Төрийнхөө, улсынхаа мөнгөөр хийдэг хурал, форум, сургалт гээд олон улсын арга хэмжээнүүд наашаа ирнэ гэсэн үг. Дэлхийн 53 улс орны төрийн тэргүүнийг, улс гүрнүүдийн өнцөг булан бүрээс ирэх 1000-аад сэтгүүлч сурвалжлагчийг  бас жуулчдыг хүлээн авсан тэр  туршлага Монгол бол ямарч хэмжээний арга хэмжээг зохион байгуулж, авч чадна гэсэн маш том имиж бүрдүүлж. Магадгүй энэ талаар бүсийнхээ төв цэг болж болох юм. Ингэснээрээ бидэнд асар том нэр хүнд, ирээдүйн хөрөнгө оруулалт авч ирнэ.Тийм учраас дараагийн олон улсын наадам, тэмцээн, хурал зөвлөгөөнийг улсдаа авахын тулд жагсаалт гаргаад нэрээ дэвшүүлнэ гэж бодож байгаа юм.
-Энэ талаар таньтай маргах аргагүй боллоо. Үнэхээр л сайхан үр дагавар ирэх нь. Одоогоор дэлхийн “акул”-уудаас хэн хэн ирнэ гэж байна.
-Хоёр хөршийн удирдагчид ирнэ. Ангела Меркель, Европын холбооны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди, Франц, Итали, БНСУ-ын ерөнхий сайдууд ирнэ гэж байгаа. Түрүүчээсээ ажлын хэсгүүд нь ирээд танилцаад ирж, буцаж байна аа.
-Та бол энэ салбарын мэргэжлийн хүн. Гэхдээ сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгчийн дэргэд байж  гал тогооноосоо ялимгүй хөндийрсөн байж магадгүй. Дотор нь ороод ирэхээр  өөрчлөгдсөн, зарим талаар ийм ч байх гэж дээ гэмээр  юм байж болох.
-Дотооддоо эв нэгдэлтэй зангидсан гар шиг байж гадаад бодлого  амжилттай явдаг. Гадаад бодлогыг дотоод бодлогын үргэлжлэл гэж ярьдаг.Энэ ч утгаараа дотоод бодлогоос ангид гадаад бодлого гэж үгүй. Монгол Улсын үсрэнгүй, тогтвортой, туйлбартай, хөгжих таатай нөхцөлийг бий болгох л гадаад бодлогын үндэс. Хуучин бол бид гадаад харилцаандаа ах,  дүү социалист орнуудын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байлаа. Харин өнөөдөр  сэтгэлгээний шинэ өөрчлөлт оруулж байна. Бид бие даасан гадаад бодлого явуулж байгаагийн үр дүн гарч байна гэж ойлгож болно. Сайны хажуугаар саар зүйл гэж бий. Бид нээлттэй гадаад бодлого явуулаад эхэлсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд ялангуяа хоёр хөрштэйгөө харилцах гадаад бодлого дээр алдаа, завхрал гарч ирсэн. Хэн дуртай нь, дурын салбарын сайд л гадаад бодлого руу өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс хошуу гараа дүрдэг болчихсон байсан. Тэр ч бүү хэл орон нутгийн удирдлагуудын зүгээс ч ийм хандлага гарах болсон.  Ерөнхий сайдын хэмжээнд ярих ёстой асуудлыг нэг аймгийн дарга бараг сумын удирдлага л хөрш орнуудтай ярьдаг замбараагүй байдал бий болсон байсан.  Улс орон гэдэг гадаад бодлогоо Нэг цонхоор явуулж  байж сая амжилтад хүрдэг болохоос биш арван хүн арван өөр юм яриад явдаг тийм дампуу байж болохгүй л дээ. Уг нь энэ гадаад харилцаа гэдэг чинь өөрийн мөрдөх дүрэм, журам, ёс жаягтай шүү дээ. Гэтэл түүнийг бүр орхисон.
-Хуучин шадар сайдууд хөршүүдтэй харилцах Засгийн газар хоорондын комиссыг ахалдаг байсан. Энэ нь хөрштэйгээ  харилцах харилцааг гадаад яамнаас хөндийрүүлхэд ямар нэг байдлаар сөрөг бүтэц байсан гэж бодогддог.
-Тийм байсныг үгүйсгэхгүй. Яамд манайхыг орхиод дээгүүр шадар сайдтай харилцдаг. Гэтэл харилцааны мэдээлэл нь манай яаманд байдаг. Гадаад харилцааны мэдээлэлд үндэслэн төрийн бодлого гарч ирдэг.  Гадаад яам нь гадаад харилцаагаа зохицуулж байх ёстой. Мэдээлэлгүй хүмүүс ямар зохицуулалт гаргаж, ямар бодлого гаргах вэ дээ. Тиймээс хоёр хөрштэй харилцах харилцааг Гадаад харилцааны сайд нь ахалдаг болгосон юм. Ингээд ирэхээр бас нөгөө дур дураараа явдаг байдлаа хэвээр хадгалах гэсэн оролдлого хүчтэй байна Шүүмжлэл ч өрнөдөг, янз бүрээр ярьдаг. Энэ бол яахав, Монгол Улсын эрх ашиг болохоор би тууштай хийнэ гэж боддог. Энэ үүднээс Гадаад яаманд орон нутаг хариуцсан элчин сайдын хэмжээний хүн ажиллуулдаг болсон. Тэр хүн аймгуудаар явж бодлого төлөвлөгөө танилцуулдаг. Аймгийн бодлого зорилгыг яамныхтай уяж холбож өгдөг.Аймаг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд гэх мэт холбогдох хүмүүсийг мэдээллээр хангадаг сүлжээтэй болсон. Орон нутгийн удирдлагууд ч их ханддаг болсон, явах чиглэл, бодлогоо зөвлөлддөг, ярилцдаг боллоо. Яамдтай ч ийм байдлаар харилцаж байгаа маань ажлын сайн эхлэл болоод байна.
-Таны “Нэг цонхны бодлого”  үнэхээр зөв санагддаг. Сэтгүүлч бид ч энд тэнд “мини” ерөнхийлөгч, ерөнхий сайдтай тааралдаж санаа зовох үе бий шүү. Ямар ч байсан энэ бодлогын тань үрээр гадаад харилцааны замбараагүй байдал цэгцэрсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр замбараагүй байдал гаргасан хэн нэгэн албан тушаалтантай хариуцлага тооцох хууль, тогтолцоо байдаггүй юм. Бид УИХ-ын гишүүдтэйгээ ч, Засгийн газарт ч ярьж байна, хуульчилах талаар. Сонгогдсон болон томилогдсон Төрийн албан хаагчдын хариуцлагын тухай хууль хаврын чуулганаар хэлэлцэх байх. Хариуцлага тооцох тухай ярихаар нөгөө нөхдүүд ардчилал гээд яриад эхэлдэг юм. Гэтэл дотоодын маш том хяналт хариуцлагын тогтолцоо бий болж байж ардчилал  бүрэн утгаараа хэрэгждэг. Хэрвээ энэ бүгд байхгүй бол анархизм л болно. Саяхан төвийг сахих бодлого гээд зарлахад гадаад харилцааны салбарыг хамгийн сайн мэдэх хүмүүс, үе, үеийн дипломатууд маш сайн дэмжиж байна. Бас зарим  ганц, нэг хүн Монгол Улс төвийг сахих бодлого барьснаар гадны улсуудтай наймаа хийх орон зайгаа  хаачихлаа гэж байна. Төвийг сахих бодлоготой болсноороо худалдаа, наймааны боломж хаагдсан зүйл огтхон ч үгүй. Харин хариуцлагын тогтолцоо байхгүйг далимдуулан зориуд улс орны бодлогыг сөрдөг, зөрдөг, хувийн эрх ашгийн үүднээс олон улсын байгууллага дээр төвөөс өгсөн чиглэлийн эсрэг санал өгсөн хүн байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд одоо болтол маш олон жил яригдаж байдаг. Гэхдээ нэрийг нь дурдаад яахав. Түүнээс болоод асуудал эсэргээр эргэсэн. Тэр хүндээ ямар хариуцлага тооцсон бэ гэдгийг Олон улсын байгууллагын зүгээс одоо ч биднээс асуудаг.
-Салбарын залгамж чанар гэдэг юм манайд хаа сайгүй алдагдсан.Танайд ч ийм юм бий. Энэ байдлыг хадгалахын тулд, хэн нэгэн сайдаас үл хамааран гадаад харилцааны салбар голдирлоороо явах тухайд та мэргэжлийн хүний хувьд юу хийж байна.
-Биднийг гадаад бодлогодоо алдаж байна, гадныхны итгэлийг алдаж байна гэж шүүмжилдэг. Ерөөсөө бодлогын залгамж чанараа алдсанаас л ийм байдалд хүрч байгаа юм. Манайд нэг сайд гарч ирээд л өмнөхөө  үгүйсгэээд шал өөр зүйл ярьдаг. Яг ийм байдлаасаа болоод Хятадаас авах ёстой зээлийг авч чадахгүй зургаан удаа өөрчилсөн. Нөгөө хятадууд нь бүр гайхаад манайхны хэлдгээр ёстой толгойгоо барьж байгаа юм чинь. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн төсөл дараагийн Засгийн газар гараад ирэхээр зогсчихдог үзэгдэл нийтлэг бий. Ийм тогтворгүй байдал  маш хор урхагтай байдаг юм. Ер нь хөрөнгө оруулагчдад татвар нь их, бага байх бол асуудал биш. Хамгийн гол нь бодлого хэр тогтвортой байна вэ гэдгийг тэд эхэлж хардаг  юм. Түүнийг бид алдсан. Түүнтэй адил Төрийн хар хайрцагны бодлого маш олон салбарт алдагдсан. Харин манай гадаад бодлого бол өөр. Харьцангуй бага. Ямар ч улстөрийн хүчин гарч ирээд гадаад бодлогоо эрс  өөрчлөөд байдаггүй. Тийм боломж ч байхгүй. Миний хувьд “Нэг цонхны бодлого”маань цааш хэрэгжээд явах байх. Хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж байна. Олон дүрэм,журмыг шинэчиллээ. Үйл ажиллагаа тогтвортой байхад хэрэг болно гэж бодож байна.Би Гадаад харилцааны яаманд ирээд олон журам дүрмийг шинэчилсэн. Аль 1992 оноос хойш батлагдсан тушаал, шийдвэр. Дүрэмд анализ хийж үзлээ. Олонхийг нь өөрчлөх шаардлагатай болсон байсныг шинэчиллээ. Хойшид мөрдөх олон дүрэм журам түүний дотор Элчин сайдын яамдыг мэдээллээр хангах журам гаргалаа. Боловсон хүчний бодлогод онцгой анхаарах хэрэгтэй байгааг зохицууллаа. Ямартай ч Гадаад харилцааны сайдын хувьд сайн эхлэлийг тавьж өглөө. Цааш хэрэгжээд явах байх гэж найдаж байгаа.

 
УлаанбаатарХаной

Холбоос