Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ВЬЕТНАМЫН АРД ТҮМЭНД МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАВ

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 91 жилийн ойн хүрээнд Ханой дахь Элчин сайдын яам Монгол Улсаа сурталчлах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээг 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулав.

Энэ хүрээнд, Вьетнамын An Vien телевизээр “Монголын соёлын долоон хоног”-ийг бэлтгэн нэвтрүүлээ. Элчин сайд Д.Энхбат телевиз үзэгчдэд хандан мэндчилгээ дэвшүүлж, монголын ард түмний өв уламжлал, зан заншил, орчин цагийн Монгол Улсын хөгжлийг харуулсан “Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Тютю”, “Дүүлэн нис” зэрэг уран сайхны кино, “Монгол”, “Монголд тавтай морил”, “Болжмор”, “Нүүдэлчин соёл” зэрэг баримтат кино, богино хэмжээний танилцуулга, концерт, дуу хөгжмийн 50 орчим бүтээлийг вьетнам хэлээр хадмал болон дуун орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болгов.


Мөн "Авьяаслаг Азиуд" уралдааны дэд байрын шагналт "Хөсөгтөн" хамтлагийн тоглолтыг БНСВУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран 12 дугаар сарын 4-ний өдөр Ханой хотын Ажилчдын театрт амжилттай зохион байгуулж, монголын язгуур урлаг- хөөмий, төмөр хуур, хархираа, уран нугаралтын үзүүлбэрээс сонирхуулсныг үзэгчид нэн өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авлаа. Тоглолтыг Вьетнамын төр, засгийн байгууллагын удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, хэвлэл мэдээллийн байгууллага, Вьетнамд суралцагч оюутан залуус, ЭСЯ-тай хамтран ажиллагч байгууллага, хувь хүмүүс нийт 300 гаруй хүн үзэж, тоглолтын дараа хамтлагийн гишүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулав.

Энэ удаагийн соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны ГСМГ-ын хамт олон, “Хөсөгтөн” хамтлаг, МҮОНТВ, NTV телевиз,  ДОЗ энтертайнмент, Юнивишн групп, “Travel Mongolia” ХХК, “Art Ger” студид тус ЭСЯ-наас талархал илэрхийлж байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос