Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ВЬЕТНАМЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл,мөн улс орны түүх, соёл, ёс заншил,  эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилт, хөгжил дэвшлийн талаар дэлхий нийтэд сурталчилан таниулах тус ажлын хүрээнд  2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт ЭСЯ Вьетнамын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Вьетнамын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын Монголыг хариуцсан ажилтан, Вьетнамын төр, засгийн төв хэвлэл “Nhan Dan, Вьетнамын төв радио “Voice of Vietnam”, төв телевиз “VTV”, армийн хэвлэл “Quan Doi Nhan Dan”, мэдээллийн төв агентлаг “Vietnam News”, хөрөнгө оруулалтын төв хэвлэл “Vietnam Investment Review”, эдийн засгийн төв хэвлэл “Vietnam Economic Times”сэтгүүл, “Bao Cong Thuong” сонин, Ханой хотын төв хэвлэл ”Hanoi Moi, залуучуудын төв хэвлэл “Tuoi Tre”, “VTC”телевиз, “Bao Lao Dong”сонин, “Vietnamnet” вэбсайт, “Bao Moi”, “Bao Tien Phong” сонин зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт 22 төлөөлөгч оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол, Вьетнамын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны байдал, хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр монголын талаас хийгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хоёр улсыг харилцан сурталчлах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн.

Мөн энэ онд болон 2016 онд тохиох Их Монгол Улс байгуулагдсаны 809, 810 жил, Ардын хувьсгалын 94, 95 жил зэрэг тэмдэглэлт ойн баяруудын үеэр болон ирэх онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр Монгол Улсад зочилж монгол орны баялаг түүх, соёл урлаг, өв уламжлал, монгол түмний аж байдалтай биечлэн танилцаж, вьетнамын залуу үеийнхэнд сурталчлан таниулахыг урив.

Дараа нь вьетнамын сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний тавьсан асуултуудад хариулав. Вьетнамын үндэсний VTV болон VTC телевиз, VOV радиод тус тус ярилцлага өгөв. Вьетнамын сэтгүүлчид Монгол, Вьетнамын хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, тулгарч буй саад бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч буй арга хэмжээнүүдийн талаар сонирхон асууж байв. Мөн АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар болон энэ удаагийн уулзалтын өмнөх уулзалтуудаас ялгарах онцлогийн талаар сонирхов. Түүнчлэн, Монгол, Вьетнамын харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн үнэлж байгаа болон харилцааг хөгжүүлэх чиглэлээр Элчин сайдын зүгээс ямар оролцоо, хувь нэмэр оруулж буй талаар асууж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын тухай баримтат кино үзүүлж, вьетнам хэл дээр хэвлэгдсэн “Монгол, Вьетнамын харилцааны 60 жил”, “Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоо” ном, монгол орны тухай ДВД, англи хэл дээр хэвлэгдсэн Mongolia: Nomadic by Nature, Mongolia Today сэтгүүл зэрэг сурталчилгааны материалыг тараав.

 
УлаанбаатарХаной

Холбоос