Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧЛАВ
Бичсэн hanoi   
2015 оны 5-р сарын 18, Даваа гариг, 04:42

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрүүдэд хоёр талын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм.

 

- Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ;

- Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

- Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

- Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр;

- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

- Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг;

- Бабатрон–II Телекобальт иж бүрдэл багаж, Радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди бараалхав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсэн ерөөгөөд “Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны бөгөөд түүхэн айлчлал болж байна. Ийм учраас таны энэхүү айлчлалын алхам бүхэн хоёр улсын харилцаанд түүх болон үлдэх учиртай. Монгол Улс нь Энэтхэгийг өөрийн оюун санааны хөрш хэмээн үздэг. Энэ хөршийн харилцаа олон мянган жилийн түүхтэй. Хоёрдугаарт, манай хоёр орныг ардчилал, хүний эрх, хууль ёсоо дээдлэх гэх мэт үнэт зүйлс нэгтгэдэг. Гуравдугаарт, бидэнд цаашдын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий. Ингээд та бүхнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсье” гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч та биднийг халуун дотноор угтан авсанд гүнээ талархаж байна. Үнэхээр манай хоёр улс эрт дээр үеэс оюун санаагаараа холбогдсон, адилхан үнэт зүйлстэй билээ. Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил, Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та 2009 онд төрийн тэргүүнээр сонгогдоод гадаадад хийх айлчлалаа Энэтхэгээр эхлүүлж байсан. Миний хувьд мөн Монгол Улсад айлчилсан Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа бахархаж байна” гэв.

Дараа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модийг үдэж мордууллаа.

 
УлаанбаатарХаной

Холбоос